ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-04-09

 

“Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн -2018”-ний хүрээнд “Хот байгуулалтын салбар хэлэлцүүлэг”-ийг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын Архитекторуудын Эвлэлээс  хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт салбарын төрийн болон төрийн бус байгууллага,  хот төлөвлөгч, бүс нутаг судлаачид, эрдэмтэд, зөвлөхүүд, мэргэжлийн аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулийн оюутны төлөөлөл 120 орчим хүн оролцлоо. Үүний дотор Изүми Кейта (Япон улсын ЖАЙКА байгууллага), Арнауд Хэкманн (АХБ), МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар  нар  хүрэлцэн ирсэн.

Уг хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд нээж, “Монгол Улсын хөгжлийн орон зайн төлөвлөлт: Хүн амын нутагшилт, суурьшил ба бодлогын асуудал” сэдвээр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хэлтсийн дарга, доктор М.Алтанбагана, “НҮБ-ХАБИТАТ-ын Хотжилтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж” сэдвээр “Эс Си Жи Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөлтийн магистр Г.Бат-Эрдэнэ, “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын тухай” сэдвээр Өмгөөллийн “Монголиан Легал Экспертс” ХХН-ийн зөвлөх багийн ахлагч А.Дэлгэрмаа, “Орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Хот байгуулалтын мэдээллийн санг хөгжүүлэх нь” сэдвээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Бүс нутаг, хот төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Одбаяр нар тус тус илтгэл тавилаа. Илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчдоос 13 хүн санал бодлоо илэрхийлж үг хэлэв.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан хийсэн илтгэлүүд, хүмүүсийн хэлсэн үг, санал, бодлыг нэгтгэж дүгнэхэд:

  1. Хүн, амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг Өнгөрсөн- Одоо-Ирээдүй цагуудыг холбосон, цаг хугацааны гүүр байхаар бодолцон, хоорондоо уялдаатай төлөвлөн батлуулах;
  2. Хүн амын нутагшилт, суурьшилын асуудлыг судлах хот төлөвлөгч, мэргэжилтэн, судлаач, эрдэмтдээс бүрдсэн томоохон институт байгуулах;
  3. “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн” үе шатны танилцуулга, хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, судлаачдын бүрдэлтэй зохион байгуулах;
  4. Хот байгуулалтын талаарх нэр томьёог нэгдсэн ойлголттой болгох, шаардлагатай баримт бичгийг боловсруулах;
  5. Хөгжлийн бодлогод мэргэжилтнүүдийн оролцоог бий болгох зэрэг олон оновчтой санал, зөвлөмж гарлаа.

Хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагаас Үндэсний радио, Үндэсний телевизийн ММ агентлаг, “Эх орон” телевиз сурвалжлага хийж, зохион байгуулагч, илтгэгч, оролцогчдоос ярилцлага авлаа.  

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР