ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН

2018-02-05

         Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулах, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар хэлэлцэж, санал солилцох зорилгоор газрын харилцааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2018 оны 2 дугаар сарын 1-ны өдөр зохион байгууллаа.

       Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,  нийслэл, дүүргийн газрын албаны удирдах ажилтнууд нийт 60 гаруй төлөөлөл оролцлоо.

         Зөвлөгөөнийг нээж ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү үг хэллээ. Тэрээр 2017 онд газрын харилцааны салбарт хийж гүйцэтгэсэн ажлууд, ололт амжилт, цаашид нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарч ажиллах асуудлуудын талаар зөвлөгөөнд оролцогчдод танилцууллаа. Үүний дараа БХБ-ын сайд Х.Баделхан, газрын харилцаа, геодези зураг зүйн талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, санхүүжилт, хөрөнгө оруулалт болон хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, хамтран ажилласан салбарынхаа удирдлагуудад талархал дэвшүүллээ.

        Зөвлөгөөний үеэр аймаг, нийслэлийн газрын асуудал хариуцсан байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлэн газрын харилцааны салбарын шилдгүүдийг тодрууллаа. Салбарын шилдэг ажлаар Говьсүмбэр аймгийн ГХБХБГ-ын “Геодезийн хатуу цэг тэмдэгтийн тооллогын ажил”, Нийслэлийн газрын албаны “Хорооны төлөвлөлт - Хотын хөгжил” сэдэвт уралдааныг байгууллагын нийт албан хаагчдын дунд зохион байгуулсан ажил, Шилдэг газрын даамлаар Увс аймгийн Ховд сумын газрын даамал Н.Адъяа, Архангай аймгийн Цахир сумын газрын даамал Б.Батсайхан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын газрын даамал Ү.Наранбямба, Шилдэг мэргэжилтнээр Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн З.Мөнхцэцэг, НГА-ны ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Шилдэг менежерээр Хэнтий аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, НГА-ны дарга Э.Болорчулуун, Шилдэг байгууллагаар Өмнөговь аймгийн ГХБХБГ тус тус шалгарлаа.

         Мөн чиглэл тус бүрээр буюу газар зохион байгуулалт, газрын бүртгэл, кадастр, инженер хайгуул, мониторинг, орон зайн өгөгдлийн дэд бүтэц, хот төлөвлөлт, архивын чиглэлээр 2018 онд хийгдэх ажлын танилцуулга, орон нутгийн оролцоо гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

         Хэлэлцүүлгийн үеэр хаягжуулалт, хилийн цэсийн маргаан, цахим биржийн дуудлага худалдаа, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргахтай холбоотой асуудлууд хамгийн ихээр хөндөгдөж, яригдлаа. Мөн орон нутгийн удирдлагуудын зүгээс захиалагчын техник, хяналтын зардал, сумын газрын даамлуудын цалингийн бус зардлуудыг шийдэж өгөхийг удирдлагуудаас хүслээ.

         Зөвлөгөөний төгсгөлд ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, нийт зөвлөгөөнд оролцогчдод хандан газрын нөөцийг үр дүнтэй ашиглах, хайрлаж, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг бүх шатанд анхаарч ажиллахын зэрэгцээ төрийн албаны сахилга батыг чандлан мөрдөж, улс орны түүхийн салшгүй хэсэг болох газарзүйн нэрийн мэдээллийн санг аймаг орон нутаг бүр ойрын хугацаанд бүрдүүлэхийг санууллаа. Мөн геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох журмыг шинэчлэх, сумын газрын даамлуудын цалингаас бусад зардал, аймгуудын барилгын тендерийн асуудал, захиалагчийн техник хяналтын зардлыг холбогдох дээд шатны байгууллагуудтай уулзаж, зөвшилцөн шийдэж өгөхөө амлаад нийтэд нь ажлын амжилт хүсэн зөвлөгөөнийг хаалаа.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР