ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2018-01-30

Үндэсний статистикийн хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдлаа. Гэрээнд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурж, баталгаажуулав.

Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн хэрэгцээнд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, харилцан мэдээлэл солилцох, нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх талаар хамтран ажиллах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

            Хамтын ажиллагааны хүрээнд нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлтийг хангах, мэдээллийн сангийн журмын төслийг хамтарч боловсруулах, 1212.mn Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглан вебэд суурилсан газар зүйн мэдээллийн систем үүсгэх юм. Мөн хүн ам, өрхийн тооллого, судалгаанд байр зүйн зургууд, хаягийн сан, кадастрын мэдээллийн санг ашиглах боломж бүрдүүлэх, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үүсгэсэн хаягийн мэдээллийн сангийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сантай уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох, “Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц ба хэрэглээ” үндэсний форум зохион байгуулах, газрын үнийн индексийг улирал бүр гаргах зэрэг олон талаар хамтран ажиллах юм.  

Хамтын ажиллагааны үр дүнд нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан бүрдэж, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, томоохон сангууд хоорондоо уялдаж www.1212.mn-ийн мэдээллийг орон зайн дүрслэлээр харуулах, барилга, орон сууцны тооллогын үр дүн байршлаар тодорхойлогдох, газрын зах зээлийн үнэ иргэдэд нээлттэй болох юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР