“ГАЗРЫН НЭГДСЭН БОДЛОГО, НЭГДМЭЛ ТОГТОЛЦОО, ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭХ АСУУДАЛ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-05

           Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран “Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо”-г бүрдүүлэх асуудлын хүрээнд газрын харилцааны чухал асуудал болох Газрын нэгдсэн бодлого, тогтолцоо, батлагдаад 20 жил болж байгаа газрын суурь үнэлгээг шинэчлэх талаар нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
            Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон 13 яамны Дэд сайд, Төрийн нарийн бигчийн дарга нар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Тагнуулын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Үндэсний дата төв, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өмнөговь, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, МУИС, ХААИС-ийн багш, Газар зохион байгуулагчдын холбоо ТББ, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт ТББ, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцлоо.
             Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нар хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж 2 үндсэн асуудлыг дурдсан юм.
            1. Дэлхийн улс орнууд “нэг төр нэгдсэн нэг бүртгэл” буюу газрын нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой байх гэсэн зарчмаар ажилладаг бол Монгол улсад өнөөдөр газрын бүртгэлийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын бүртгэл/, Ашигт малтмалын газар /уул уурхайн газар/, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /тусгай хамгаалалттай газар/, Улсын бүртгэлийн ерөнхий газар /өмчлөх эрхийн бүртгэл/ зэрэг байгууллагууд зэрэгцэн эрхэлж байгаа нь төрийн байгууллагын чиг үүргийн давхардлын бий болгохын зэрэгцээ газрын сан нэгдмэл байх зарчмыг алдагдуулж байна.
           2. Засгийн газраас 1997 онд тогтоосон газрын суурь үнэлгээ нь зах зээлийн бодит байдалтай нийцэхгүй байх, газар зүйн байршил, газар ашиглалтын зориулалттай уялдаагүй байх зэргээс үүдэн газрын төлбөр, татвар, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ, газрын нөхөх олговрын үнэ, бэлэглэх, барьцаалах, даатгуулах, газар ашиглалтын зөв оновчтой төлөвлөлтийг хийх, албан ёсны тайлан, мэдээ боловсруулах зэрэг үйл ажиллагаанд хүндрэл гарч байна. Засгийн газрын зүгээс баримталж байгаа иргэдэд чиглэсэн хөгжлийн бодлогын нэг бол газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Энэ нь газрын үнэ, үнэлгээ, төлбөртэй шууд хамааралтай тул газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хувь хэмжээг зах зээлийн бодит үнэ, газар ашиглалтын зориулалт, газрын үр өгөөж, байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоож, зах зээлийг нээлттэй уян хатан болгож, газрын төлбөр, татварын системийг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа ба газрын суурь үнэлгээг шинэчлэх тооцооллыг хийхдээ суурь үнэлгээг өсгөхийг чухалчлаагүй бөгөөд суурь үнэлгээг бодитой тодорхойлох, төлбөр, татварын уян хатан байх зарчмыг баримталж байна.
Хэлэлцүүлгийн үеэр П.Мягмарцэрэн /МУИС, ШУС, Газарзүйн тэнхимийн эрхлэгч, дэд проф./ “Тогтвортой хөгжлийн газрын харилцааны удирдлага” сэдвээр, Г.Гантулга /МУИС, ШУС, Газарзүйн тэнхимийн багш, дэд проф./ “Зах зээлийн эдийн засаг дахь газрын үнэлгээний асуудал” сэдвээр, С.Магнайсүрэн /Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга/ “Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо” сэдвээр, Р.Ганхуяг /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга/ “Газрын суурь үнэлгээг шинэчлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Илтгэлүүдэд хэлэлцүүлгийн сэдэвтэй холбоотой асуудлаар онол, практик, олон улсын туршлага, манай улсын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
            Хэлэлцүүлгийн төгсгөлд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, судлаач, иргэдийн санал, хүсэлтийг сонсож нээлттэй хэлэлцүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уяалдуулах, төрөөс энэ талаар дэмжлэг үзүүлэх, батлагдаад 20 жил өнгөрч байгаа газрын суурь үнэлгээг яаралтай шинэчлэх шаардлагатай, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан байгуулэх иргэдэд, нээлттэй болгох зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР