НҮБ-ИЙН ДЭЛХИЙН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН ХОРОО (UN-GGIM)-НЫ 5 ДАХЬ УДААГИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ЗӨВЛӨГӨӨНД БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2017-12-01

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо (UN-GGIM)-ны 5 дахь удаагийн Өндөр түвшний Зөвлөгөөн Мексик Улсын Мехико хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дэлхийн 73 орны 300 гаруй төлөөлөгч 3 өдрийн турш орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээрх шинэ технологи, сайн туршлагаа солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази-номхон далайн бүсийн Зөвлөхүүдийн Хороо (UN-GGIM-AP)-ны гишүүн ба Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудыг хангахад Орон зайн мэдээллийн технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд НҮБ-ээс зохион байгуулсан уг Өндөр түвшний Зөвлөгөөнд байгууллагын удирдлагууд амжилттай оролцлоо.

Дэлхийн банкны зүгээс хөгжиж буй орнуудын энэ салбарын хөгжилд хөрөнгө оруулалт түлхүү оруулж байгаатай холбогдуулан ноён Ц.Ганхүү тус банкны төлөөлөгч хатагтай Катрина Келмтэй уулзалт хийж Монгол улсад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Дэлхийн хэмжээнд Орон зайн  мэдээллийн үйлдвэрлэл, үйлчилгээнд 2017 онд 502 тэрбум америк доллар эргэлдэж байгаа ч хэрэгцээ шаардлагынхаа дөнгөж 20%-ийг хангаж байгаа тухай мэдээллээ. 

UN-GGIM-ны 5 дахь удаагийн Өндөр түвшний Зөвлөгөө нь 2015 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд чуулганаар “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр–2030” –д тунхагласан Тогтвортой Хөгжлийн 17 зорилго, 169 зорилт, 232 шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхэд  байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийн гүйцэтгэх үүрэг, бэлэн байдлыг хангах, ач холбогдол, шинэ санаа, судалгаа хөгжлийг дэмжихэд чиглэсэн дэлхий нийтийг хамарсан орон зайн мэдээллийн менежментийн талаарх дээд түвшний арга хэмжээ байсан бөгөөд Зөвлөгөөний төгсгөлд оролцогдын зүгээс “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд Орон зайн мэдээллийн технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт Мехико хотын ТУНХАГЛАЛ-ыг хамтран гаргалаа

Манай улсын хувьд орон зайн мэдээллийн менежментийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах замаар хангахаар сүүлийн жилүүдэд ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ийн зүгээс авч хэрэгжүүлж буй орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээрх шийдвэр, чиглэл, зааварчилгаанд тулгуурлан чанартай, цагаа олсон, баталгаатай орон зайн мэдээллийн бэлэн байдал байдлыг хангаснаар төрөл бүрийн салбарт ашиглагдах орон зайн өгөгдөл, мэдээллийн бүрдүүлэлтийн давхардлыг арилгах, байгаль, эдийн засаг, нийгмийн бүх салбарын төлөвлөлтүүдийг хооронд нь уялдуулах, бүх салбарт орон зайн мэдээллийн үр дүнтэй хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна цаашлаад “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030”, “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр–2030”-т тусгагдсан зорилго, зорилтуудыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадах болно.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР