“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД ЭРДЭМТЭД,СУДЛААЧИД МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-03-29

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл” боловсруулах ажлын хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо” сэдэвт анхны хэлэлцүүлгийг Барилгын хөгжлийн төвийн хурлын зааланд БХБЯ, ГЗБГЗЗГ хамтран зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт тус төслийн Зөвлөх багийн болон Ажлын хэсгийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, салбарын их дээд сургууль, судалгааны байгууллагууд, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага,  мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагыг төлөөлөн хот төлөвлөгч, бүс нутаг судлаач, академич, эрдэмтэд, архитектор, газар зохион байгуулагч, инженерүүд зэрэг 100 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Хэлэлцүүлгийг Барилга, Хот байгуулалтын Сайд Г.Мөнхбаяр нээлээ.  Тэрээр хэлсэн үгэндээ “... Монгол улсад сүүлийн 20-иод жилд хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын түвшин хурдацтай нэмэгдэж, 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 3,05 сая гаруй хүн амын 67 хувь нь хот, суурин газарт суурьшиж, үүнээс зөвхөн нийслэл Улаанбаатр хотод улсын нийт хүн амын 44% нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Мөн хотуудын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил болон бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшил дээр томоохон өөрчлөлт орж, иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөн, экологийн нөхцөл байдал муудаж байна. Манай улсын хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчинг өөрийн хөгжиж ирсэн онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тодорхойлох, энэ үндсэн дээр нийгэм, эдийн засгийн ойрын ирээдүйн хөгжил, соёлын түвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхитэй нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэсвгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах төслийг боловсруулж, төрийн бодлогын түвшинд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсаар байна. Энэ зорилтуудыг шийдвэрлэх зорилгоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахлан ажиллаж байна....” гэж онцолсон нь энэхүү төслийн ач холбогдлыг илтгэн харуулж байна.

 Хэлэлцүүлэгт мэргэжлийн судлаачид болон төрийн байгууллагын мэргэжилтнүүд илтгэл тавилаа. Үүнд:

  • “Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа”- Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилмаа
  • “Монгол улсын хүн амын байршил, тархалтад нөлөөлж буй хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүчин зүйлс”-МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн багш, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол улсын Жендэрийн үндэсний шинжээч А.Солонго. Доктор, профессор
  • “Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа” “Жайка” олон улсын байгууллагын “Моndеp” төслийн багийн дэд ахлагч, доктор Кацухидэ Нагаяма, “Моndеp” төслийн зохицуулагч, доктор Г.Энхжаргал нар
  •  “Хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлийг ашиглан хэт төвлөрлийг сааруулах арга зам” МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн судлаач С.Давааням
  • “Монгол улсын хот байгуулалтын үнэлгээ” АХБ-ны төслийн судалгааны багийн дэд ахлагч, хот төлөвлөлтийн магистр Г.Бат-Эрдэнэ

Илтгэлүүдтэй холбогдуулан салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд үзэл бодол, саналаа илэрхийлж, санал бодлоо чөлөөтэй солилцсон нь энэхүү “Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажил нь чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна.

Олон нийтийн телевиз, радиогийн 15 байгууллагаас сурвалжлагч нар ирж мэдээ, сурвалжлага авчээ.

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР