“Эрүүл бэлчээр- Эрүүл мал- Эрүүл монгол хүн”-ийг бий болгох зорилго дор зохион байгуулагдсан “МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ”-д оролцоо

2017-10-03

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Төрөлх бэлчээр нутгаа хайрлацгаая” уриатай, үндэсний хэмжээний "МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ"-д ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, ГЗБХ-ийн дарга Ж.Батсайхан болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Тус форумын зохион байгуулагчаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ажиллаж, ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, ЦУОШГ, Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, ХААИС, МУИС, Бодлого судлалын төв, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулав. 

                                                     

Нээлтэд ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр үг хэлж агентлагийн хэмжээнд зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Манай агентлаг нь Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам, зааврыг газрын даргын 2015 оны А/105 тоот тушаалаар батлаж, өнөөдрийн байдлаар 20 аймгийн 209 суманд нийт 2700 орчим цэг байгуулан хэмжилт хийж үр дүнг гаргаад байна. Мөн бэлчээр ашиглалтын гэрээг кадастрын бүртгэлийн Лэндменежер програмд бүртгэх, хил заагийг баталгаажуулах боломжийг бүрдүүлээд байна.

Цаашид тус төсөлтэй хамтран бэлчээрийн мониторингийн үйл ажиллагааг тогтворжуулах, сумдын газрын даамлуудыг бэлчээрийн фотомониторингийн чиглэлээр бүрэн чадавхижуулах зэрэг үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Хурлын үеэр Газар зохион байгуулалтын хэлтэс болон Инженер, хайгуул мониторингийн хэлтсээс 3 сэдвээр ханын илтгэл бэлтгэн хэлэлцүүлж, агентлагийн үйл ажиллагааны чиглэлээр үзэсгэлэн гарган хуралд оролцсон гишүүдэд мэдээлэл, танилцуулга хүргэсэн.

                          

Мөн тус форумын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд байгууллагын үйл ажиллагаа болон Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулга хийж мэдээлэл хүргэж ажиллав.

Үндэсний форумд УИХ-ын тамгын газар болон ХХААХҮЯ, төрийн болон төрийн бус байгууллага, сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн төлөөлөл, аймаг сумдын ЗДТГ, түүний албад, бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, малчдын байгууллага болон малчдын төлөөлөл, хувийн хэвшил, үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөл, судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 250 гаруй хүн оролцлоо.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР