ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-09-28

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, “Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд газрын харилцааны чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлалаа.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн зурагжуулах, шинэчлэх, геодезийн нэгдсэн сүлжээг бий болгох замаар орон зайн өгөгдөл, мэдээллийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хоёр тал гэрээнд гарын үсэг зурснаар геодези, зураг зүй, инженер хайгуул, мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн технологи, мэдээллийн төвийн гэсэн үндсэн 6 чиглэлийн 30 гаруй ажлыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тус газар нь үндсэн хэрэгжүүлэгчээр ажиллах 7, бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх 31, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох 5, нийт 43 зорилтыг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаандаа тодорхой зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү өргөн хүрээнд хамтарч ажиллах гэж буйд талархлаа илэрхийлээд, зөвшилцөл, ойлголцол ямагт хөгжил, дэвшил авчрах нь тодорхой, тиймээс энэ хамтын ажиллагаа цаашдын үйл ажиллагаанд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд газрын харилцааны асуудал бол нийслэлийн хувьд тулгамдсан маш чухал асуудал гэдгийг тэмдэглээд, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР