Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2018-04-16

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэ санамж бичигт дараах ажлуудыг хамтран зохион байгуулахаар тусгав. Үүнд:

  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, зөрчлийг арилгах;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн хийц, хэмжээг тодорхойлох, барилгад хамаарах инженерийн байгууламж /ус, дулаан, цэвэр бохир усны хангамж, ариутгах татуурга, галын дохиолол, зоорийн давхар гэх мэт/-ийн мэдээллийг бүрдүүлэн баталгаажуулах;
  • Нийтийн эзэмшлийн байгууламжийн /нийтийн эзэмшлийн хучилттай болон зүлэгжүүлсэн талбай, мод, бут сөөг, биеийн тамирын талбай, түүний тохижилтын хөрөнгө, автомашины зогсоол, сандал, сүүдрэвч, үерийн далан суваг, явган зам, гэрэлтүүлгийн байгууламж, ургамлын хайс хашлага гэх мэт/ доорх газрыг баталгаажуулах асуудлыг шийдвэрлэх;
  • Мэдээллийн сангийн програм хангамжийг ашиглан төрийн өмчит хуулийн этгээдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн сантай болох;
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх аргачлалыг боловсруулах, батлуулах;
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших ашиглах эрхийн үнэлгээг санхүүгийн тайланд тусгах заавар, аргачлал боловсруулах, батлуулах.

 

Уг санамж бичгийн хавсралтаар “Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталсан ба энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажилласнаар Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажил амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх бөгөөд байршилд суурилсан төрийн болон орон нутгийн өмчийн газар болон түүн дээрх үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн сантай болох юм.

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ,

ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР