Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар монголын нотариатчдын танхимтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2014-08-19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь хамтын ажиллагааны хүрээнд Монголын нотариатчдын танхимтай газрын эрхийн шилжилт хөдөлгөөнийг түргэн шуурхай явуулах, боловсронгуй болгох, газар, уг газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, солилцох, мэдээллийн сан үүсгэх, газар, уг газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг ил тод, нээлттэй болгох, холбогдох бүртгэл, мэдээлэл лавлагааг олгох, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхэд чиглэсэн талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурлаа.       

Газрын дарга А.Хүрэлшагай хэлэхдээ: “Бид хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн газрын эрхийн шилжилт хөдөлгөөнийг түргэн шуурхай явуулж, газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах, солилцох, нэгдсэн нэг мэдээллийн сан үүсгэх, Монгол улсад газрын үнэлгээний асуудлыг боловсронгуй болгох, ард иргэддээ бүртгэл, мэдээллийн лавлагааг чирэгдэлгүй олгох, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг ил тод болгох зэрэг асуудлаар эхний ээлжинд Монголын нотариатчдын танхимтай санамж бичиг байгууллаа. Цаашид тулгамдаад буй асуудлуудаа нотариатчидтайгаа хамтран шийдвэрлэж томоохон ажлуудыг хийж бүтээх болно. Манай салбарын мэргэжилтнүүд мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно. Монголын нотариатчдын танхимаас бас санал санаачилга, идэвхи зүтгэл гаргаж буйд таатай байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм.       

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд: - Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, иргэний өмчлөлд буй газрыг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцэл, мөн өв залгамжлалаар шилжүүлэх эрхийг нотариатаар гэрчлүүлэх үйл ажиллагааг түргэн шуурхай болгох; - Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, иргэний өмчлөлд буй газрыг бусдад гэрээ, хэлцэл, өв залгамжлалаар шилжүүлэх эрхийг нотариатаар гэрчлүүлэх үйл ажиллагаанд учирч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох хуулийн төсөлд санал өгөх, журам, заавар боловсруулах; - 21 Аймаг, нийслэлийн хэмжээнд газар, уг газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах; - Танхим нь нотариатчаар гэрчлэгдэж буй газар, уг газар дээрхи үл хөлдөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцлийн үнийн талаарх судалгааг сар бүр агентлагт мэдээлэх; - Газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ солилцох, мэдээллийн нууцлалыг хадгалах үйл ажиллагааг зохицуулсан журам боловсруулах; - Газар болон уг газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан байгуулах; - Зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллийг агентлаг болон нотариатчдын танхимын албан ёсны вэб сайтад тухай бүр байршуулан, телевиз, радиогоор дамжуулан олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр сурталчлах; - Аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр газар өмчлүүлэх шийдвэр, эзэмших, ашиглах эрхтэй газрыг гэрээ, хэлцэл, өв залгамжлалын үндсэн дээр бусдад шилжүүлж нотариатаар гэрчлүүлэх гэж буй уг газрын талаарх бүртгэл, мэдээллийн лавлагааг кадастрын зургийн хамт олгох нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтарч ажиллах юм. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР