Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлагтай уулзалт зохион байгууллаа

2014-08-25

2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Туркын хамтын ажиллагааг зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа. Агентлагийн дарга А.Хүрэлшагай, ОЗМДБА-ны дарга С.Энхтуяа, ЗХШХ-ийн дарга Д.Нямжаргал, СТХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Гал , ТИКА-ийн талаас дарга Экрэм Калан болон холбогдох төлөөллүүд оролцлоо. БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь Төв Ази, Зүүн Европ, Кавказ болон шинээр тусгаар тогтносон Балканы орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулагдсан бөгөөд ТИКА нь эдгээр орнуудтай эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, мөн тухайн орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор төрөл бүрийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 30 улсад, 33 хөтөлбөр зохицуулалтын газраар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. ТИКА нь техник туслалцаа, хамтын ажиллагааны төслийн хүрээнд тухайн төслийг хэрэгжүүлж байгаа улс орны ашиг сонирхол, нийгэм, соёлын хэм хэмжээг дээдлэн үздэг байгууллага юм. Энэ хүрээнд туслалцаа авч байгаа орнуудын хүсэлтийг харгалзан боловсон хүчин бэлтгэхэд нэн түрүүнд анхаарч шаардлагатай арга хэмжээ авах, төсөл хэрэгжиж байгаа улс оронтой адил үүрэг хариуцлага хүлээх, төсөл дууссаны дараа санаачлагыг тухайн улсад үлдээх нь ТИКА-ийн төслийн зарчим нь ажээ. ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь 1994 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2001 оны 7 дугаар сарын 26 өдөр Монгол улс болон БНТУ-ын Засгийн газрын хоорондох санамж бичигт гарын үсэг зурснаар 2002 оны 2 дугаар сарын 24 өдөр албан ёсоор нээгдсэн нь хоёр улсын хоорондох найрсаг харьцаанд тулгуурлан нийгэм болон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан байна. ТИКА нь Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Монгол улсын бүх салбарын чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, эрчим хүчний эх үүсвэрийн асуудлын улмаас хоёр дугаарт тавигдаж буй бүсүүдэд дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг Монгол улсын төрийн болон турийн бус байгууллагуудын хүсэлтийн дагуу хэрэгжүүлж ирсэн билээ. Өнөөдрийг хүртэл нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, захиргааны болон хувь хүний хөгжлийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, соёлын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх, эв найрамдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн төрөл бүрийн салбарт хэдэн зуун төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Агентлагийн дарга А.Хүрэлшагай газрын харилцааны салбарын холбогдох стандарт, техникийн иж бүрэн баримт бичгийг Монгол улсад нэвтрүүлэх, 2014 оныг мэргэшсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэх жил болгож зарласантай холбогдуулан газрын харилцааны салбарын инженерүүдээ тус улсад урт болон богино хугацаанд мэргэшүүлж бэлтгэх асуудлыг дэвшүүлсэн бөгөөд ТИКА- ийн дарга Экрэм Калан манай саналыг найрсаг хүлээн авч, хурдан хугацаанд хэрэгжүүлэхийн тулд зохих арга хэмжээг авч ажиллах, түүнчлэн хоёр орны найрсаг харилцаагаа улам хөгжүүлэх талаар олон санал дэвшүүлсэн юм. Турк улс нь стандартын чиглэлээр арвин туршлагатай, дэлхийд тэргүүлж байгааг илэрхийлэхийн сацуу энэ чиглэлийн ижил төрлийн байгууллагыг манай агентлагтай холбож өгөхөөр болсон юм. Түүнчлэн тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах тухай онцоллоо. Манай агентлагийн зүгээс иж бүрэн техникийн баримт бичиг авах, мэргэжилтнээ бэлтгэх талаар төсөл, хөтөлбөрийг боловсруулан Эдийн засаг хөгжлийн яам, Анкара хот дахь ТИКА-ийн төв оффисоос дэмжлэг авбал хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм. Цаашид холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулах, төсөл хэрэгжүүлж хамтарч ажиллахад ТИКА-ийн зүгээс үргэлж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа ноён Экрэм Калан илэрхийлж, холбогдох мэдээллийг манай агентлагийн төлөөлөлд өгөхөөр болов. Уулзалтын төгсгөлд дарга А.Хүрэлшагай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжүүлэхийн тулд шинэ санал санаачлага гаргаж ажиллахаа илэрхийлээд агентлагийн бүтээгдэхүүний дээж болох Монгол улсын аялал жуулчлалын атласыг календарийн хамт ноён Экрэм Каланд дурсгав.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР