Даргын мэндчилгээ

“Газрын харилцааны ажилтан”-ны өдрийг тохиолдуулан газрын харилцаа, геодези, зураг зүй, кадастрын салбарын түүхийг бүтээлцэхэд авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмадууд, одоо ажиллаж буй нийт ажилтан, албан хаагч, эрдэмтэн судлаач, багш, оюутан залуус та бүхэнд байгууллагынхаа хамт олны өмнөөс болон хувиасаа чин  сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Манай улс шинэ Үндсэн хуулиа батлан, ардчилсан төрийн тогтолцоо,  чөлөөт зах зээлийн эдийн засагт тулгуурласан хөгжлийг сонгосноос хойш 25 жил өнгөрчээ.

Өнгөрсөн хугацаанд газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарт эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс орныг төрөл бүрийн масштабаар зурагжуулах, зураг зүйн бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг сайжруулах, инженер геологийн мэдээллийг бүрдүүлэх, газрын төлөв байдал, чанарын мониторингийн ажлыг эхлүүлэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг боловсронгуй болгох, газрын кадастрын мэдээллийн санг нэгдсэн стандарт, тогтолцоонд шилжүүлэх, газрын бирж, үнэлгээ, төлбөрийн цогц системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх, байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурийг бий болгох, газрын харилцаа, инженер хайгуул, геодези, зураг зүй, кадастрын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, хэрэглээнд гаргах шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. 

Мөн төр засгаас оруулж буй хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн туслалцаа, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан газрын асуудал эрхэлсэн байгууллага, мэргэжилтнүүдэд давтан сургалт хийх, техник, тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр нааштай шинэчлэлт, өөрчлөлт гарч байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Цаашид газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль эрх зүйн орчныг цаг үетэй нийцүүлэн шинэчлэн, орчин үеийн техник технологид суурилсан, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан, иргэд, олон нийтийн оролцоог хангасан газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн цогц бодлогыг хэрэгжүүлэх нь өнөөгийн нийгмийн шаардлага болж байна.

Монгол Улсын газрын харилцаанд оруулж буй амжилтыг улам бататган, улс орны бүтээн байгуулалтад чиглүүлж, салбарын өмнө тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад анхаарал хандуулан ажиллах болно.

Та бүхэнд санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА                                                              Ц.ГАНХҮҮ

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР