Монгол улсад хаягийн нэгдсэн тогтолцоог буй болгох нь

2017-06-09

С.Энхтуяа

(Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын

Геодези, зураг зүйн хэлтсийн дарга)

             Нэг. Оршил

           Монгол улсад 2013 оноос өмнө хаягтай холбоотой дор дурьдсан эрх зүйн баримт бичиг мөрдөгдөж байсан. Үүнд:

        1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 сарын 25-ны өдрийн 102 тоот “Загвар батлан хаягжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2006 оны 269 тоот тогтоолооор батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журам”, СХЗҮЗ-ийн 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, талбайн нэр, дугаарын самбар, түүнийг байрлуулахад тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2003 зэрэг эрх зүйн баримт бичгээр нийслэл хотын гудамж, зам, талбай, барилга байшинд нэр, дугаар өгөх, тэмдэг тэмдэглэгээжүүлэх ажлууд зохицуулагдаж байсан байна.

          2. Монгол улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 101 тоот “Шуудангийн нэгдсэн код батлах тухай” тушаал гарч үүний дагуу Монгол улсын Засгийн газрын 2007 оны  200 тоот тогтоолоор “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Шуудангийн нэгдсэн кодын формат, Ерөнхий шаардлага” MNS 5880:2008 Монгол улсын стандарт зэрэг баримт бичгүүд батлагдан Монгол улсад бүсчлэлийн кодыг нэвтрүүлж, хэрэглэх, шуудангийн илгээмжийн хаягт эзний хаягийн байршлыг тоон өгөгдлөөр илэрхийлж шуудангийн хүргэлтийн үйлчилгээг сайжруулахад ашиглаж байсан.

      3. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Нэгдсэн хаягжуулалт, Хаягийн бичвэрт тавих шаардлага” MNS 6275:2011 Монгол улсын стандарт  батлагдан дотоодын болон олон улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн шуудан, илгээмжийн хаягийг тодорхойлох ба хаягийн бичвэрт агуулагдах мэдээлэл, бүтцийг тогтоосон байна.

          4. Дээрх эрх зүйн баримт бичгүүд хэрэгжиж байсан боловч албан ёсны хаягжуулалт бүрэн хийгдэж чадаагүй, хаягийн мэдээллийн нэгдсэн сан байхгүй учир лавлагаа олгох боломжгүй, нэгдсэн стандартгүй байсаар байна. Үүнтэй уялдан төрийн байгууллагууд тус тусдаа хаяг үүсгэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн үйл ажиллагаанд олон давхар ажлууд хийгдэж, банк санхүү, арилжааны үйлчилгээнд хүндрэл, чирэгдэл үүсч, нийгэмд бухимдалыг бий болгож байна. Иймд хаягийн мэдээлэл солилцох нэгдсэн системтэй болох шаардлага чухлаар тавигдаж байна.

         Хаягийн нэгдсэн систем нь орон зайн мэдээллийн дэд бүтцийн хөгжилд тэр дундаа газар зүй, орон зайн порталуудыг хөгжүүлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Иймээс хаягийн нэгдсэн систем нь байрлал тодорхойлох солбицлын системд геодезийн хэмжил зүйгээр илэрхийлэгдэх шаардлагатай бөгөөд  ингэснээр хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад бүх төрлийн төрийн бүртгэлүүдийг орон зайн байрлалд суурилан хийж, төрийн бүхий л үйл ажиллагаанд байршлаас хамаарсан оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм. 

       Үүнтэй холбогдуулан ГХГЗЗГ-ын хүсэлтээр Ажлын хэсэг байгуулах тухай БХБ-ын сайдын 2012 оны 10 сарын 24-ний өдрийн 34 дүгээр тушаал гарсан. Ажлын хэсгийн ахлагч нь ГХГЗЗГ-ын /хуучин нэрээр/ дарга А.Хүрэлшагай, нарийн бичгийн даргаар тухайн үед ГХГЗЗГ-ын ОЗМТХ-ийн дарга байсан миний бие ажилласан. Ажлын хэсэг нь ХХЗГ, МТШХХГ, ХХЗХ, УБЕГ, ҮАБЗ, БХБЯ, ГХГЗЗГ, НБХБТГ, НГА, Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн бүртгэл төсөл зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон бүрэлдхүүнтэй байлаа. 

      Хуулийн анхны төслийг 2012 оны 11 сарын 23-ны өдөр ЗГХЭГ-т танилцуулсан. ЗГХЭГ нааштай хүлээн авч дэмжээд яаралтай эцэслэх даалгавар өгсөн.

        2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Ерөнхий сайдад хуулийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулж дэмжигдээд Засгийн газрын хуралд оруулах үүрэг өгсөн. Энэхүү үүрэг даалгаварын дагуу хуулийн төсөлд холбогдох яамд болон байгууллагуудаас санал авч Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын хурлаас дэмжигдэн, УИХ-д өргөн барьсан.

 Монгол улсын “Хаягжуулалтын тухай” хууль УИХ-ын 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. 

      Хууль батлагдсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 42 дугаар тушаалаараа хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хаягийн тэмдэглэгээний стандарт” болон “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам” боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, баримт бичгүүдийн төслийг 3 дугаар сарын 15-ны дотор танилцуулах үүрэг өгсөн. Ажлын хэсгийн ахлагчаар ГХГЗЗГ-ын /хуучин нэрээр/ дарга А.Хүрэлшагай, нарийн бичгийн даргаар миний бие дахин томилогдож ажилласан.

        Монгол улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 280 тоот тогтоолоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”, Стандартчилал, хэмжил зүйн газрын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 27 өдрийн 1 дүгээр тогтоолоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага”  MNS 5283:2014 стандарт тус тус батлагдсан. 

Та дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол дор байгаа ТАТАЖ АВАХ гэсэн холбоосоор орж авна уу. 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР